108 ХОНОГ - Хөх монголын хязгаар нутгаар

Үүргэвчтэй аялал, монгол, 108

Говийн Догшин ноён хутагт Данзанравжаа ...

2010-08-28 16:01

7 сарын 15. Дорноговь аймаг. Сайншанд.

Энэ өдөр бидний аялал Насаагаар газарчлуулан аймгийн БОАЖГ орж Сүрэн даргад ажил төрлөө танилцуулаад газрын зураг дээрээ тамга даруулснаар эхэллээ. Урьд шөнө нэлээд орой болтол сууж хэдэн бичлэг цэгцэлсэн тул өглөө нойр муутайхан л боссон. Аймгийн төвд юуны түрүүн Говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн музейг үзэж сонирхохоор шийдлээ. Тэгээд энэ талаар нэт хэсэг онгичлоо. 

Данзанравжаагийн музей


 
XIX зууны үеийн  Монголын  их соён соён гэгээрүүлэгч, гүн ухаантан, яруу найрагч, театрын  урлагийг монголд  үндэслэн байгуулагч, жүжгийн зохиолч найруулагч, Буддийн шашны  нууц  тарнийн их  мастер, говийн ноён  хутагт Д.Равжаагийн музей 1991 онд Сайншандад байгуулагджээ. Д.Равжаа 1803  онд  Говь мэргэн  вангийн  хошуу /одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сум/-ны нутагт  үгээгүй  ядуу ард Дулдуйтын гэрт  төржээ. Түүний  бага ахуйд  ээж  нь нас барж  өнчрөл  хагацлын зовлонг үзсэн хэдий ч  хурц  сэргэлэн нэгэн  тул айлын  найр  наадамд шүлэг дууг шууд  зохион  айлдаж олонд  хүндлэгдэн  улмаар говийн  ноён  хутагтын  тавдугаар дүрд  өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмээн нэрлэгдэх болжээ.

 

Түүний бага насандаа тоглож байсан тоглоом

Д. Равжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай  XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, мөн музейд хадгалагдаж байгаа  уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдах бий. Тэрээр 1820-иод  оноос  эхлэн Хамарын хийд, Чойлонгийн хийд,  Бүрдэний хийд зэргийг  байгуулан, 1840-өөд онд  Улаан сахиусны хийд, Цагаан толгойн хийд, Дэмчигийн хийд, Ловон чимбын агуйн хийд   зэргийг байгуулжээ. Д.Равжаа Хамарын хийдэд “Намтар дуулах дацан” хэмээх театр, номын сан, хүүхдийн дацан нэртэй  урлагийн сургууль, Гиваадин Равжаалин нэртэй үзмэрийн сүм зэргийг байгуулсан нь хожмоо түүний соён гэгээрүүлэх түшиц  газрууд  болжээ.

 

Түүний байгуулсан хамрын хийдийн макет


Д.Равжаа Хүүхдийн дацан хэмээх сургуульдаа эрэгтэй  эмэгтэй хүүхдүүдийг бичиг  үсэгт  сургаж, үүндээ үндэслэн Дорно дахины эрдэм  мэдлэг  олгож, “Саран хөхөөний намтар” жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хэл хоолойн дохиоч буюу дуучин,ерөөлч магтаалч, хөл гарын дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч урлалч үйлч, бичээч  нарыг бэлтгэн гаргадаг байжээ. Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу /гэрчилгээ/ олгодог байсан ажээ.Энэхүү сургуульд үздэг байсан сурах бичгүүд, зураг урлал, хэв дардас тэргүүтэн болон түүний холбогдолтой эд өлгийн зүйлс, гар бичмэлүүд эдүгээ тус музейд хадгалагдаж байна. Д.Равжаагийн уран бүтээлийн өвийг тоймлон үзвэл 300 гаруй яруу найргийн бүтээл / түүний төвд хэл дээр зохиогдсон 150 гаруй бүтээл буй аж /, 100 гаруй урт, богины дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн олон  бүтээлүүд байгаагаас гадна түүний зурсан олон арван зургууд  тус музейд  бий.  Д.Равжаа 1856 онд  хорлогдож  нас баржээ. Түүнийг  нас  барсаны  дараа  лам  Ш.Балчинчойжоо Д.Равжаагийн шарилыг занданшуулан  хатааж, Дингам буюу Гиваадинравжаалин  хэмээх цуглуулгын  сүмд байрлуулсан  бөгөөд Хамарын хийд болон түүний бусад хийдүүдээс Данзанравжаатай холбогдолтой өд өлгийн  зүйлсийг цуглуулан авдарлаж сүмд залжээ. Гэвч өвийн зүйлийг эзгүйрүүлэн тарааж  завших гэсэн  шунахай  хүмүүсийн санаархалаас болгоомжилж Ш.Балчинчойжоо тангараг  өргөн өөрийгөө тахилч хэмээн  зарлажээ. Олз ашиг  хайгч  хүмүүс хэдийд  ч   байх  тул хэнд ч эс итгэн  хорь гаруй  жилийн дараа өөрийн  хүү ГанОчирт хүлээлгэн  өгчээ. ГанОчир энэхүү  үйлд  багаасаа  суралцаж албыг залгуулсаар 30 аад  жилийн дараа өөрийнхүү Наръяадаа уламжлуулжээ. Наръяа нь хүү Онгойдоо, Онгой нь дүү Гомбодоо, Гомбо нь хүү Түдэвдээ уламжлуулсаар 1938 оныг  хүрчээ.     1937-1938 оны гамшигт жил  сүм хийдийг галдан шатааж бурхан тахилыг эвдэн сүйтгэх их нугалаа  Д.Равжаагийн байгуулж, шавилан сууж, амьдралынхаа алтан үеийг элээсэн Хамрын хийдийг тойроогүй юм. Тэр үед 25 настай залуу тахилч Түдэв галдан шатаагчдын хий зайг харж  зориг гарган шөнө  дөлөөр сүм дэхь  өвийн  зүйлээс үүрэн зөөж, хөдөө ухаж бэлдсэн нүхэнд хийж булах, уул хадны агуйд нуух зэргээр  64-н  авдар зүйлийг авч үлдсэн ажээ


Нууцыг агуулсан авдарнууд ... Гэхдээ заримыг нь сүүлд хийсэн гэдэг


Хэдийгээр  авч  үлдсэн  нь устгагдсан 1400 гаруй  авдар зүйлийн өчүүхэн хэсэг  боловч  бас музейн  үзмэр  болж олны  хүртээл  болтлоо  үзэл  сурталын  хатуу  чанга  дэглэмийн хараан дор 52 жил нууцлагдан  хадгалагдаж  иржээ.Энэ  хэцүү цаг үеийн дарамтанд  зохимжгүй  нөхцөлд өвийн зүйлсийг өгөршүүлж муутгалгүйгээр урт хугацаанд хадгалахын  тулд сүүлчийн  тахилч бүх амьдралаа зориулсан юм.Эдүгээ музейн үзмэрт буй ноён хутагт Д.Равжаагийн өв  бол тахилч хэмээгдэх олон  хүний  амьдрал, хөлс хүч, мэдлэг оюунаа зориулсан  уйгагүй зүтгэлийн хүчээр  бэрх хэцүү цаг үеийг  туулан 147 жил хадгалагдаж  байгаа Монголын түүх  соёлын дурсгалын хосгүй  үнэт  цогц  өв юм. Хэдийгээр аль ч музейд үзмэрийн зураг авахыг хориглодог ч бид тайлбарлагчаас гуйн хэдэн зураг дарсийм.

Тухайн цаг үед хэрэглэж байсан цамын хувцас хэрэгсэл нэлээд үлдэж хоцорсон байна.

Түүний хэрэглэж байсан дөрөө

Алтан бүүрэгтэй эмээл

Гандан- Яг юунд хэрэглэж байсан яадаг зүйл болохыг нь мэдэхгүй юм. Гэхдээл нэлээн чухал эд болоод л хүний ясаар хийсэн байж таараа

Далай ламаас хутагтад бэлэглэсэн алтан очир, пүрэв бүхий  9 эрдэнэ шигтгэсэн гавлын ясан эрхи

Мөнгөн дотортой гавлын ясан аяга

Нэгэн бурхан. Яг ямар учиртай энэ тэрийг нь мэдэхгүй юм. Хутагтын дүрийг бүтээсэн шилэн хоргоны дэргэд байсан.

Үзмэрүүдийн ерөнхий харагдах байдал. Музейн 2 давхарын баруун талын хана.

Зүүн талын хана.

Музейн гудамжруу гарсан хаалга

Энэхүү хөшөө музейн баруун талд байрлана.

Хутагтын үүсгэн байгуулсан Саран хөхөө театр өнөө үед. Түрүүчийн бичлэгт жүжгийн нэрийг андуурсан байна лээ. Эх орондоо очих болтугай гэдэг жүжиг байсан юм билээ. Мөн энэ аймгийн нэг сайхан зүйл нь усан оргилуур.

Нутийн уугуул, суугуул, ирсэн зочилсон бүгдийн сэтгэлийг татсан сайхан нутаг. Орой болхоор гэрэл гэгээ нь асахлаараа  бүр гоё гэцгээж байсан.

Энэ дашрамд биднийг Сайншанд хотод байхад бүх талаар тусалж дэмжин өөрийн орон нутгийг танилцуулж, унаа тэрэг сураглаж өгч байсан аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Насанжаргал, Сүрэн дарга нартаа талархсанаа илэрхийлье

Ингээд энэ удаагийн бичлэгээ Догшин хутагтын зохиосон үлэмжийн чанар хэмээх гайхамшигтай дуугаар төгсгөе.

                                                        Үлэмжийн чанар
                                        Үлэмжийн чанар төгөлдөр                                                                     
                                        Өнгө тунамал толь шиг                                                                     
                                        Үзэсгэлэнт царайг чинь                                                                   
                                        Үзээд үзээд ханашгүй                                                                 
                                        Үнэхээр сэтгэлийг булаанам зээ
                              Бадмын  дундаас дэлгэрсэн                                                                      
                              Балын  амтанд дурламаараа                                                                   
                              Баясгалант хөөрхөн  ааль  чинь                                                                      
                              Бахархаад бахархаад ханашгүй                                                                     
                              Баярыг улмаар арвитганам зээ
                                        Хөшүүн сэтгэлийг уяруулагч                                                                     
                                        Хөхөө шувууны эгшиг  шиг                                                                      
                                        Хөөрхөн  эелдэг  үг  чинь                                                                     
                                        Хүүрнэн суухад  урамтай                                                                     
                                        Хөөрхөн  аальт  мину зээ
                               Учирмагц сэнгэнэсэн                                                                      
                               Уран  гол шиг  бие  чинь                                                                     
                               Угаас  хам  бүтсэн                                                                     
                               Улаан занданы  үнэр  шиг                                                                     
                               Улмаар  сэтгэлийг хөдөлгөнө зээ                                                                                                          
                                     Хүний  энэ  насанд                                                                      
                                     Хүссэн  хэргээ  бүтээгээд                                                                     
                                     Хүсэлт  тэнгэрийн  эдлэл мэт                                                                    
                                     Хөлгүй  жаргалангийн далайд                                                                     
                                     Хөвж хамтдаа жаргая  

Зарим тектийг  http://www.sainshand.miniih.com/index.php//home/post/199 авлаа.

Like | Ангилал : Түүх соёлын дурсгалууд | Нийтэлсэн : Eco_mon | Уншсан (4992) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. одук :
    2014-03-20 20:26

    би манчир бурханы тухай мэдээлэл авмаар байна

  2. Туяа :
    2013-12-04 19:19

    Та бүхний мэдээллийг хичээл сургалтанд ашиглаж болох уу.

  3. luwsanbaldan :
    2013-10-13 10:53

    heregtei medeelel olj ogsond byrlaa

  4. ANUJIN :
    2013-09-24 12:51

    HEREGTEI S